Тарааж болохгүй, хувааж ер боломгүй
Талынх нь дов жалгаар салхи дэгдэж барамгүй
Саран өртөөлж, наран тойроглож ханамгүй
Сайхан эх орон танаа хатуу үг хэлье
Элэг зүрхнээс уяатай гэж хэдэн үеэрээ монголчууд дуулдаг юм
Энэ хэдэн хүүхэд чинь жаргах цаг хэзээ байдаг юм бэ
Талаар нэг тараасан хүн чулуудаа та хар,
Таны элгэнд өвс болж ургасан баатруудаа сана, эх орон...
Ямбатны олбог, найрагч миний ширдэгнээс
Ямар ялгаатай байдаг юм
Ясны нимгэн, цусны өнгөөр
Монголоо хэд хуваах гэсэн юм
Яагаад миний сэтгэлд харин
Бүтнээрээ байдаг юм, эх орон...
Алтайг давж, Өлгийг орхисон хасгууд чинь
Ага-Ыигийн дэгдээхэй, уран жиргээт домбороосоо
Арай л илүүтэй Монголыгоо зүүдэлж яваа шүү
Захчин, торгууд амтай хэлтэй мянгад чинь
Заяын хүрээ сахисан номхон торгон өөлд чинь
Босоо нүдэн сартуул, Дарьгангын дөрвөд чинь
Ботгоны мөр шиг Монголдоо бултаараа хайртай
Болоо юм биш үү, эх ороон?
Осолдохгүй, таны л гунигаар хоолой норгож
Орь залуудаа Боржигон Нацагдорж шүлгээ хумьж
Тоостой судар шагайсан мэргэд хөвгүүд чинь
Торны цаанаас чамайг л дууддаг биш бил үү
Тоож хэний нулимсыг арчих юм бэ, эх орон?
Хаад ноёдын өмнө бөхөлздөгөө больж үз,
Харийн улсын алган дээр алтаа дэлгэхээ азнаж үз
Хар толгойны дээр отго жинс л тогтдог
Харц биднийхээ цээжинд эх орон та хоргоддог...
Нүүдэл гүйцэхгүй тогорууны даль шиг хөх туганд
Нүүрээ нааж үнсдэг харцынхаа хүүхдийг хайрла
Хадаг дэлгэдэг гар дээрээ ерөөл тавьж айлтгая
Харуусал гунигтай цээжинд минь итгэл өгч хайрла
Соёмбо алтарсан ууланд минь
Солонго тоглосон талд минь
Хулан хулжаах говьд минь
Хуур эгшиглэх монгол гэрт минь
Ялгуусан төрийн ивээлээ тэгшхэн хүртээж үз
Ямар ч цагтаа эх орон та Эх орон шиг байж үз
Зуузай холбосон дэлхийн гүрнүүд
Зуун хүлэг шиг уралдаж гэмээнэ
Тоосон дундаас сарваа даага шиг
Торойтол ганцаараа түрүүлээд ир
Торгууд, халх, буриад чинь
Тосоод авна эх орон минь
Залбирдаг бурхан шиг минь гийгүүлээд ир
Сөхрөөд уная, эх орон минь
Загнуулдаг хүү шиг минь өмөлзөөд ир
Тэврээд авна, ард түмэн чинь!
1999.08.14
www.biirbeh.mn
|